Sunday, June 10, 2012

"Хүн сонгох ЧИНГИС хааны урлаг"


...Хэдийгээр Чингис хаан язгууртны үзлийг эрхэмлэдэг байсан авч засаг захиргаа, цэргийн албан тушаалд томилохдоо гарал үүсэл, язгуур  угсааг ер хардаггүй байсан бөгөөд гагцхүү тухайн хүний гүйцэтгэх чадвар, ёс суртахууны байдлыг эн тэргүүнд тавьдаг байлаа. Ийнхүү сонгохдоо ихэнхи сод хүмүүст байдагтай нэгэн адил түүний сэтгэлийн дотоод ертөнцийг таних зан чанарыг нь мэдрэх авъяас маш их нөлөөлж байжээ. Үнэнч сэтгэл, шударга зан, тэсвэр хатуужлыг тэрээр буянт үйл, ач тус хэмээн үздэг байсан. Харин урвалт, итгэл эвдэлт, хулчгар занг гэмт явдал хэмээн үзэн яддаг байжээ.Чингис хаан эдгээр шинжүүдээр хүмүүсийг хоёр ангилалд хувааж байжээ.(*И.Рэнк.Наследие Чингис-хана. Берлин 1925) Нэгдэх хэв шинжид материаллаг сайн сайхан байдал, аюулгүй байдлаа, хувийн эрхэм зэрэг, нэр хүндээс дээгүүр тавьдаг хүмүүс багтах хийгээд тэд аймхай, урвамтгай байна.Тийм хүмүүс даргадаа өөрий нь сайн сайхан амьдралаас хагацуулж чадах түүний сүр хүчнээс эмээн захирагдана. Энэ утгаараа тийм хүн айдасынхаа боол нь байдаг. Харьяат ноёноос урвах буюу түүнийг барьж өгснөөр айдаснаасаа хагацана хэмээн боддог хүмүүс юм. Ийм өчүүхэн, амиа хичээсэн, шившигтэй, боолын зан авиртай хүмүүсийг Чингис хаан өчиггүй устгадаг байсан билээ. Их аян дайны замд ялагдсан дайсны албат нар, Чингис хаанаас шан горьдож, өөрийн эзнээ барьж ирж байсан тохиолдол гарч байсан. Их хаан тухай бүрд нь урвагчдыг устган цээрлүүлдэг байв. Харин Чингис хааны амь насанд нь болон, дайчдад нь халтай хэрэг хийсэн ч гэсэн, эзэндээ үнэнчээр үлдсэн хүмүүсийг өршөөн шагнаж, дэргэдээ авдаг байсан. Чингис хаанд ийнхүү үнэлэгдсэн хүмүүс үнэнч сэтгэл, шударга зангаа материаллаг эд зүйлсээс дээгүүр тавьж, эцсээ хүртэл эзэн хаандаа үнэнчээр зүтгэж байсан түүхтэй. Тэд баялагаа булаалгахаас айдаггүй байлаа. Харин нэр төр, эрхэм чанараа гутаах хэргээс айдаг байлаа. Ийм хэрэг хийж бусдын нүдэнд өртөхөөс бус өөрөөсөө эмээдэг байлаа. Тийм хүмүүсийн сэтгэл зүрхэндээ эрхэмлэн байдаг ёс зүйн хэм хэмжээ нэгэнт тогтсон байлаа. Тэд энэ дэлхий дээрх бүх зүйл дээд тэнгэрийн зарлигаар  тогтсон дэг журамд захирагдана гэсэн гүн бишрэлтэй байлаа. Тэд сэтгэл зүйн энэ хэв шинжийн хүмүүс өөрийн удирдагч дарга нартаа хувь хүний хувьд нь бус, мөнх тэнгэрийн *(*И.Рэнк.Наследие Чингис-ханахүчэээр буй болсон,  чингис хаан хүртэлх шатлалын хэсэг гэдэг үүднээс захирагдах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байжээ. Их эзэнт гүрний хэмжээнд сэтгэл зүйн ийм хэв шинж бүхий хүнээр бүрдсэн удирдлагын шатлалыг бүрэн тогтоож чадсан байлаа. Эдгээр хүмүүсийг зөвхөн монголчуудаас төдийгүй, нүүдэлчин бүх улсаас олж тавьдаг байлаа. Суурин иргэдийг бодвол нүүдэлчид илүү шүтлэгтэй байсан бөгөөд байнга нүүдэллэн амьдардаг тул эд хогшил төдийлөн хураадаггүй, хоосрохын айдсаас үүдэн урвах, нэр төрөө хугалах, эрхэм чанараа гутаах тохиолдол бараг гардаггүй юм. Эхний хэв шинжэд гол төлөв суурин амьдралтай хүмүүс хамрагддаг. Нүүдэлчид үнэ цэнэтэй бүх зүйлээ сэтгэлдээ тээж явдаг бол суурин иргэд эд баялагийг эрхэмлэн амьдардаг билээ. Хэдийгээр Хятад, Перс мэтийн харьцангуй өндөр соёлтой улсуудыг эзлэн, харъяандаа оруулж байсан боловч, ганц нэг онцгой тохиолдолд Чингис хаан суурин соёлтой жишээлбэл Юлай Чуцай, хотын хүмүүст итгэл хүлээлгэж байжээ. Дээрхи шалтгааны улмаас Чингис хаан суурин иргэдэд төдийлөн итгэдэггүй байсан бөгөөд монголчуудыг өөрийн нүүдэлчин ахуйгаа өнө мөнхөд хамгаалж, суурин амьдралд шилжихгүй байхыг гэрээслэжээ.
Эрхэм та “Чадал, чадвар, чадамж, чадавхи” гэсэн үгнүүдийн ялгааг бодоорой!

No comments:

Post a Comment